Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайвангийн өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан "Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч байна. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн дөрөвдүгээр сарын 11-нд нийтэлжээ.
Харин ТҮЦ эрхлэгчид “Өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэдэд нийслэл хүндрэл учруулж болохгүй. Том сүлжээ дэлгүүрийн лоббигоор ТҮЦ-үүдийг татан буулгаж байна. Даваа гаригаас эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана” гэж мэдэгдээд буй. Улмаар өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 14-нөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй.
ТҮЦ эрхлэгчдийн байр сууриас хүргэвэл:
-Бид ТҮЦ эрхлээд 10 жил болж байна. Хотын дарга Х.Нямбаатар биднийг түүх бүтээсэн гэсэн. Тиймээ, бид үнэхээр түүх бүтээсэн. Одоо тэгээд түүх бүтээсэн хүмүүсээ үх гэж байгаа юм уу. Нэг л өдөр Х.Нямбаатарын захирамжаар есөн дүүргийг зэрэг хөдөлгөөд цагдаа, тусгайгийнхан,эрүүгийнхэн бүгд бидний эсрэг босож байна. Аль оронд хөгжлөө дагаад өнгө, үзэмж, дизайнаа хийгээд ТҮЦ байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол баян хоосны ялгаа их гарч дундаж давхаргаа үгүй болгож байна. Энэ бол буруу шийдвэр. Х.Нямбаатар аа, үнэхээр хотоо хөгжүүлье гэвэл ард иргэдээ хамт хөгжүүл. Ард иргэд нь ядуу хэвээрээ, хэдэн ТҮЦ ачаад хөгжинө гэж байхгүй шүү.
-Монгол Улсад хоёр том баривчилгаа явагдсан. Тодруулбал, нэгдүгээрт Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг цагдаагийн том бүслэлт хийж баривчилсан. Түүнчлэн, хоёр дахь ачилт ТҮЦ эрхлэгчид дээр тохиолдлоо. Ганц ТҮЦ-ийг ачихын тулд бараг нэгдүгээр зэргийн хамгийн авч 150 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ТҮЦ эрхлэгчид дунд 80-90 хувийн групптэй, хүүхэдтэйгээ хамт ажиллаж буй хүн ч бий. Тэгэхэд ТҮЦ-нээс чирч гаргаж байна. Төрийн албан хаагчид нь цохиж, зодож, зулгааж, хүүхдийн хүчирхийлж байна. ТҮЦ-ний ачилт хэрээс хэтэрч байна.
-Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг бий болгоно, бизнес эрхлэгчдийг дэмжинэ, орлоготой иргэдийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл ТҮЦ-ийг хомроглон ачиж байгаа нь орлоготой иргэдийг нэмэгдүүлж байгаа мөн үү. Аливаа зүйлийг дарангуйллаар биш ямар нэгэн шийдлээр шийддэг болмоор байна. ТҮЦ эрхлэгчид худалдаа наймаа эрхэлж Монголдоо сайхан амьдрахыг хүссэн болохоос гэмт хэрэг үйлдээгүй. Яагаад цагдаа хүчнийхэн иргэдийг бүсэлж ТҮЦ-ний ачилж хийж байгаа вэ. Тэрнээс болж хүний амь эрсдэж байна. Баянзүрх дүүргийн ТҮЦ-ний ачилт дээр нэгэн эмэгтэй зулбаж үрээ алдлаа. ТҮЦ эрхлэгчдэд үйлчилдэг Газрын хууль Их тэнгэрийнхэнд ч адилхан үйлчлэх ёстой.