Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн эрдэмтэд урьд өмнө нэг ч хүний харж байгаагүй цоо шинэ өнгийг олж нээснээ мэдэгдсэн байна. Эрдэмтэд лазерын импульсийг нүд рүү харвах туршилтыг хийх үеэрээ дээрх нээлтийг хийжээ.
Хүний нүд рүү лазерын импульсээр харвах туршилтын үеэр тэд цэнхэр-ногоон өнгөний холимог болох цоо шинэ өнгийг нээж, тус өнгийг “olo” хэмээн нэрлэсэн байна.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Рен Нг-ийн хамтран удирдсан дээрх судалгааны тайлан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шинжлэх ухааны “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ.
Профессор Рен Нг өөрсдийн нээлтийг “гайхалтай” хэмээн тодорхойлсон бөгөөд тэдний судалгаа цаашлаад өнгө ялгадаггүй буюу өнгөний харалган байдлын судалгаа руу үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Эрдэмтэд судалгааны туршилтын үеэр “olo” хэмээх цоо шинэ өнгийг нээсэн ба туршилтанд оролцсон 5 хүний нэг болох профессор Рен Нг тус өнгийг “бодит ертөнцөд харж болох ямар ч өнгөнөөс илүү ханасан өнгө” хэмээн онцолсон байна. Ханасан өнгө гэдэг нь аль нэг өнгийн төгс эрчимтэй харагдах шинж чанарыг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтдийн нээсэн уг шинэ өнгийг хүмүүс энгийн нүдээр харах боломжгүй, тодорхой өдөөлтийн тусламжтайгаар л харах боломжтой ажээ.
Туршилтанд оролцсон 5 хүний 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй бөгөөд бүгд энгийн хараатай хүмүүс байсан байна. Түүнчлэн 3 нь уг судалгааг явуулсан эрдэмтэд байжээ.
Зарим эксперт мэргэжилтнүүд харин шинэ өнгө нээх явдалд маргаантай буюу шүүмжлэлтэй ханддаг бөгөөд “үүнийг яаж тайлбарлахаас л шалтгаална” хэмээн хэлж байна.