Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд дөрөвдүгээр сарын 14-ний орой галд шатсан. Гал түймрийн тархалтыг онцгойгийнхон таван цаг ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас 260 гаруй иргэн хохироод байгаа. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл галд өртсөн тус худалдааны төвд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг олгохоор болжээ. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээл аж.
Тодруулбал, Өчигдөр буюу 2025.04.28/ Засгийн газраас хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт боллоо. Тус зөвлөгөөнд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд, Засгийн газрын 23 сайд оролцож, хойд бүст тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдэж байгаа юм. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
"Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр нээлттэй төсөл сонгон шалгаруулж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ үйлчилгээний төв барьж 2025 оны аравдугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинээр баригдах худалдаа үйлчилгээний төвийг ирэх аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх бөгөөд эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд зургаан сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр төлөвлөсөн аж.