Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох асуудал яригдаж эхэлсэн цагаасаа л маргаан дагуулж ирсэн билээ. Тэгвэл тус холбооны ээлжит бус хурал өчигдөр буюу \2025,04,28\ болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгосон юм. Тэгвэл өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны лигийн тамирчид, тэр дундаа эмэгтэй лигийн найман багийн гишүүд бүгд Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, өнөөдрөөс тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэд "Монголын хөлбөмбөгийн холбооны зарим удирдлага өмнө нь эмэгтэй шигшээ багийн гишүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан асуудал байсан бөгөөд Ц.Анандбазар ирвэл энэ байдал дахин давтагдах эрсдэл үүснэ, бэлгийн хүчирхийллийн асуудалд холбогдсон энэ хүнээс айж байна, ирээдүйд бэлтгэгдэх эмэгтэй хөлбөмбөгчид ч айна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч н.Сарангэрэл: Миний хувьд 2023 оноос Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Миний ажил үүрэг бол эмэгтэй хөлбөмбөгчдийн дуу хоолойг хүргэх, эрх ашгийг хамгаалах. Одоо тоглож байгаа эмэгтэй хөлбөмбөгчид, ирээдүйд тоглох бага насны охидын эрх ашгийг хамгаалах ёстой. Сүүлийн хэдэн сард манай холбоонд гарч байгаа асуудлууд нь маш их эрсдэл дагуулахаар байна. Засаглалын хувьд асуудалтай болсон. Өчигдөр холбооны ээлжит бус сонгууль боллоо. Сул орон тоон дээр нөхөн сонгууль болсон. Өчигдөр ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар гэдэг хүн сонгогдлоо. Энэ хүний асуудлыг ярихаас өөр арга алга. Нийгэмд ямар нэр хүндтэй билээ, шалтгаан нөхцөл нь эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлсэн асуудалд холбогдсон. Маш олон хэрэгт холбогдож, хэвлэл мэдээллээр ч өчнөөн гарсан. Ийм хүн Монголын хөлбөмбөгийн холбоог толгойлж, ерөнхийлөгчийн байр суурин дээр байх нь ямар ч байдлаар зохимжгүй юм. Тиймээс энэ хүнийг огцрохыг шаардаж байна. Хөлбөмбөгт хүчээ зориулж байгаа эмэгтэйчүүд, охид багачуудынхаа хүсэл зоригийг мохоохгүй байх юмсан. Ц.Анандбазар гэдэг хүнээр удирдуулж эмэгтэй хөлбөмбөгчдөө дэлхийн болон азийн тэмцээнүүдэд оролцуулж чадахгүй. Энэ хүнийг эсэргүүцэж байна. Дэд ерөнхийлөгчийн хувьд ч энэ хүндтэй хамтарч ажиллаж чадахгүй.
-Эмэгтэй лигийн тамирчин: Өчигдрийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан шийдвэрийг хувь хүний хувьд ч, тамирчний хувьд эсэргүүцэж байна. Миний хувьд ямар ч тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний араас олон тамирчин мөн тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Эмэгтэй лигийн найман баг тоглолтод оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд тоглолтууд ивээн тэтгэхгүй гэдгээ мэдэгдэж байна. Үнэн ялаасай гэж хүсэж байна.
-Эмэгтэй лигийн тамирчин: Эмэгтэй тамирчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж нэгдэж байна. Энэ хүн өмнө нь эмэгтэй хүмүүстэй ёс бус харьцсан олон асуудалд холбогдож байсан. Нийгэм даяараа мэднэ. Эмэгтэй тамирчдын хувьд бид маш их айж байна. Бид нарын дор олон дүү нар байгаа. Тэд нарынхаа өмнөөс бид өнөөдөр эсэргүүцээд тэмцээд зогсож байна. Үнэн ялаасай, шударга байгаасай. Ц.Анандбазар аа, чи зүгээр хөлбөмбөгөөс яв гэж хэлье. Бид Ц.Анандбазарыг буутал тоглохгүй.
-Хараацай клубын тамирчин Бадамхатан: Бид ирээдүй болсон охидынхоо төлөө тэмцэж байна. Энэ хүн өмнө хөлбөмбөгтэй ямар ч оролцоогүй байж ингэж гарч ирээд бидний төлөө тэр зүйлийг чинь өөрчилнө, өр зээлээс гаргана гэж ярьж байгаа нь буруу юм. Гол асуудал нь санхүү мөнгөндөө биш. Өмнө нь эмэгтэй шигшээ багтай холбоотой янз бүрийн асуудал гарч байсан. Ц.Анандбазар гэдэг хүн өмнө нь өөрөө ямар ёс зүйн асуудал гаргасан хүн билээ. Үүн дээр бид маш их эсэргүүцэж байна. Тэр зүйлийг нь мэдсээр байж бид хэзээ ч дэмжиж болохгүй. Тиймээс Ц.Анандбазар гэдэг хүн огцрох ёстой.