МАН-ын шугамаар хөнгөлөлттэй орон сууцад хамруулна хэмээн залилсан хүмүүст 6-8 жилийн ял оноов

МАН-ын шугамаар хөнгөлөлттэй орон сууцад хамруулна хэмээн залилсан хүмүүст 6-8 жилийн ял оноов

Хуваалцах Жиргэх

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэлгүй удааширч, гурван жилийн хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн хооронд “шидэлцсэн” хэргийг гурав хоногийн турш хэлэлцсэний эцэст шийдвэрлэлээ.

Бусдыг залилан мэхэлж, 8.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн юм. Тэд 2018 оны нэгдүгээр сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд 116 иргэнээс дээр дурдсан мөнгийг залилж авсан бөгөөд өөрсдийгөө “Төрийн орон сууцын корпорац, Нийслэлийн орон сууцын корпорац зэрэгт ажилладаг” гэж итгүүлэн МАН-ын шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад оруулна” хэмээн хүмүүсийг төөрөгдүүлсэн аж.

МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Үндэсний орон сууцын нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ” хэмээн тусгасан байдаг. Уг хөтөлбөрийг нь далимдуулан дээрх гурван хүн иргэдээс мөнгийг нь залилсан юм байна.

Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэм буруутайд тооцжээ. Улмаар Э.Солонгод найм, Э.Болорчулуунд долоо, Ж.Бодьсадад зургаан жил хорих ял нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн эл гурван шүүгдэгчээс 8.8 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгуулахаар болжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд