Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Уг тогтоолд Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан нарыг нэмэх, улмаар тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нар санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг нар тус ажлын хэсэгт орох саналтай байгаагаа илэрхийлсэн. Иймд тогтоолд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Х.Ганхуяг нарыг нэмж оруулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6-д Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно гэж заасныг уншиж, танилцууллаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд санал болгож буй нэр дэвшигчдээ танилцууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Бөхбатын Бат-Эрдэнийн нэрийг санал болгож байв.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 1986 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн. 2003 онд "Далай ван" ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2024 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Улсад 14 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилийг санхүү, эдийн засгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан. 2010-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д борлуулалт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсныг онцлоод нэр дэвшигч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэр дэвшигч Равжир овогтой Мөнхтөрийг танилцуулав.
Ингээд хуралдаан нэр дэвшигч нэг бүрийн санал хураалтаар үргэлжилсэн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Ариунболд, Р.Мөнхтөр нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланг томилох, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авахаар тусгасан байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.