Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга болоод орон сууцжуулах хэд хэдэн төсөл эхлүүлээд байгаа. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл юм. Уг газрыг мөн төсвийн мөнгөөр чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа талаар НЗДТГ-аас мэдээлсэн.
Тэгвэл Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сарын 7-оос дөвөрдүгээр сарын 23 хүртэл зарласан. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол БАГЦ-1-ийн нийт төсөвт өртөг 373,645,400,000 төгрөг бөгөөд энэ онд 100 хувь санхүүжүүлнэ.
Нэгдүгээр багцад дараах есөн компани үнийн саналаа ирүүлсэн байна.
1. БНХАУ-ын "Sinohydro Есдүгээр товчоо инженеринг" компани 475.6 тэрбум төгрөг, хөнгөлөлтгүй, тендерийн баталгаагүй
2. "Шандонг Хайнинг констракшн" групп 373.4 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
3. "CSMC" 373.2 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
4. "China Construction 6th Engineering" групп 368.8 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
5. "Changda Municipal Engineering Guangdong" Co.Ltd 362.4 тэрбум төгрөг, үнийн хөнгөлөлт 3.99% буюу 14.4 тэрбум төгрөг. Үнийн хөнгөлөлт хасагдаж, 347.9 тэрбум болсон. Тендерийн баталгаатай
6. "Shanghai Baoye Group" 361.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
7. "China Road and Bridge Corporation" 359.3 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
8. "Хуашан интернэшнл энжинеринг монголиа лимитэд" ХХК 349.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай.
9. "China Tiesiju Civil Engineering Group" Co., Ltd тендерийн баталгаатай, 344.7 тэрбум төгрөгөөр орон сууцыг барих саналуудаа ирүүлжээ.
Харин БАГЦ-2-ын төсөвт өртөг 453,460,200,000 төгрөг бөгөөд мөн энэ онд 100 хувь санхүүжүүлнэ. Хоёрдугаар багцад нийт зургаан компани оролцсон байна.
1. PowerChina Construction Group Ltd 552.5 тэрбум төгрөг, тендерийн баталгаа харагдаагүй.
2. Shandong Luqiao Group Co,Ltd 453.4 тэрбум төгрөг, үүнээс үнийн хөнгөлөлт 18.5 тэрбум төгрөг, хоёр тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
3. China Construction Third Engineering Bureau Co., Ltd 448.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
4. Shanghai Baoye Group Corp,Ltd 441.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
5. Changda Municipal Engineering Guangdong Co.Ltd 439.8 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
6. China First Highway Engineering Company Limited 424.1 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгааг тус тус Монгол Улсын банкны дансанд байршуулжээ.
Үүнээс харахад Сэлбэ дэд төвд 4362 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэхээр 14 компани тендерт оролцсоны дийлэнх нь Хятад улсын компани байна. Дээрх төслийг энэ жилдээ багтаан дуусгах бөгөөд санхүүжилтийг нийслэл босгосон бондоосоо гаргаж буй. Ингэхдээ тус хороолол 60 хүртэлх метр квадраттай байх бөгөөд нэг метр квадратын барилга угсралтын ажил гурван сая төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн барилга ашиглалтад орсны дараа иргэдэд хэрхэн зарж борлуулах, түрээслүүлэх, өмчлүүлэх вэ гэдгээ одоо ч шийдээгүй байгаа гэнэ.
Нийслэл 7,71 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд босгосон. Энэ өрөө бид 2027 оноос төлж эхэлнэ. Гэтэл өндөр хүүтэй авсан зээлээрээ Хятад улсын компаниудаар барилга бариулах гэж буй нь буруу гэдгийг УИХ-ын гишүүд ч хэлж байгаа аж. Мөнгө нь бэлэн байхад зөвхөн дотоодын барилгын компаниудаараа барилга угсралтын ажил хийлгэнэ гэж тендер зарласан бол дотоодын барилгын компаниудад маш том дэмжлэг болох байв. Харамсалтай нь хотын дарга Х.Нямбаатар Хятад улсын компаниудаар барилга угсралтаа хийлгэхээр болов. Хятад компаниуд энэ төсөлд орохдоо Монголд үйлдвэрлэдэг цемент, арматур зэрэг бүтээгдэхүүнүүдийг ч авахгүй, бүгдийг нь импортоор оруулж ирэх аж. Тиймээс өндөр хүүтэй зээл авч, хэрэгжүүлж буй энэ төсөл Хятадын компаниуд, эдийн засгийг л дэмжих төсөл болох нь.