Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэтхэгийн эрх баригчид Пакистаны террорист дэд бүтцийн эсрэг “Синдур” хэмээх цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ зарлалаа. Пакистаны газар нутаг дээр байдаг, Шинэ Дели “террорист” хэмээн тодотгосон дэд бүтцийг довтолж байгаа аж. Энэтхэгийн довтолгооны улмаас энгийн иргэд амь үрэгдлээ хэмээн Пакистаны Батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Түүний батлан хэлснээр, дан иргэний байгууламжууд довтолгооны бай болжээ. Харин Энэтхэгийн англи хэл дээр News18 суваг “Синдур ажиллагааны явцад 17 террористыг устгаж, 60 орчмыг шархдууллаа” гэжээ. Исламабадын тал хариу цэргийн ажиллагааг даруй эхлүүлсэн хэмээн Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Дөрөвдүгээр сарын 22-нд террорист бүлгийнхэн Энэтхэгийн хяналтад байдаг Жамму Кашмир мужид нэвтэрч 26 жуулчны аминд хүрсний дараа хоёр улсын харилцаа хурцадсан юм.
Аллага үйлдсэн босогчдыг Пакистан халхалж хамгаалдаг хэмээн Энэтхэг мэдэгдсэн бол, Исламабад энэ буруутгалыг шударга бус, улстөржсөн зүйл хэмээн үзжээ. Пакистан хариу гал нээсний улмаас Кашмир мужид гурван иргэн амь насаа алдлаа хэмээн Энэтхэгийн тал мэдэгдэв. Синдур гэдэг нь энэтхэг эмэгтэйчүүд үснийхээ хагалбараар, мөн духандаа цэг хэлбэрээр түрхдэг улаан өнгийн будаг. Энэтхэг улс дөрөвдүгээр сарын 22-нд Пахалгамд амиа алдсан эрчүүд, бэлэвсэрч хоцорсон энэтхэг эмэгтэйчүүдийг хүндэтгэж Пакистаны эсрэг цэргийн ажиллагааг ингэж нэрлэжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Засгийн газрын аюулгүй байдлын хороог зарлан хуралдуулж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Бид Энэтхэг, Пакистаны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. АНУ энхийн тохиролцоог эрэлхийлж Энэтхэг, Пакистаны удирдагчидтай нягт хамтран ажилласан хэвээр байх болно” хэмээн мэдэгджээ.