Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуваалцах Жиргэх

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокуророос тус хэрэгт харьяалал тогтоож, үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийдвэрлэх юм.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нь оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авч ашигласан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг жижиг намууд /2025.02.18/ тависан. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хууль зөрчсөн үйлдэл нэгээхэн гаргаагүй, бүх холбогдох байгууллагууд нээлттэй шалгаарай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд