Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар дэлхийн 30 гаруй орны төр засгийн тэргүүнүүд ОХУ-д айлчилж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москвад ирэх үед Оросын нийслэл рүү Украины талаас хэдэн зуун дрон нисгэж довтолгоон хийжээ. Ши Жиньпин Москвад ямар нэг саадгүй газардсан боловч зарим төрийн тэргүүн Украины дроны дайралтын үеэр нислэгийн чиглэлээ өөрчилсөн байна. Хоёр дахь шөнөдөө дараалан Киев Москва руу дроноор довтоллоо. Москва хотын захирагч Сергей Собянины хэлнээр ОХУ-ын агаарын хамгаалах нэгж хамгийн сүүлд Украины нисгэсэн 19 дроныг сөнөөжээ. Оросын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украинаас 500 гаруй дроны довтолгоо хийсэн бөгөөд энэ нь арав гаруй нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулж, 60 000 зорчигчийн нислэгийг өөрчилсөн байна.
Ялалтын баярын 80 жилийн ойг тохиолдуулж Ерөнхийлөгч Путин Украины дайны галыг гурав хоногийн хугацаанд зогсоох зарлиг гаргасан. Энэ нь наймны шөнө дундаас 11-ний өдрийн шөнө дунд хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр Путин Украинд гал зогсоохоо мэдэгдсэн ч Киев гал зогсоох тухай ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Киевийн дроны довтолгооны үеэр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн онгоц чиглэлээ өөрчилж Азербайжаны Баку хот руу ниссэн байна. Бакугаас дахин Москваг чиглэж аюулгүй газарджээ.