ТБХ: МУ-ын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: МУ-ын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ өдөр /2025.05.14/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

 

Хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа “Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ноогдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн.

Энэхүү хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд 6.5 хувь тус тус байхаар тооцож тусгасан”-ыг дурдав. Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 35.6 их наяд төгрөг буюу 30.4 хувь, 2028 онд 39.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 29.6 хувь байхаар тусгажээ. Төсвийн зарлага өсөж байгаа ч ДНБ-д эзлэх хувийг бууруулна гэж үзсэн байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд тус тус ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгажээ.

Ямартай ч эдгээр хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасныг Шадар сайд онцолсон юм.

Хууль, тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул хоёр саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд