Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол, Оросын хамтарсан археологийн экспедицийн малтлага, хайгуулын ажил тавдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэллээ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ нь Халх голын байлдааны талбар буюу Дорнод аймгийн Халх гол суманд хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм. Экспедицийн баг Ремизовын өндөрлөг болон Талын Манхан, Баян-Цагааны нуруу гэх байршлуудад археологийн малтлага, хайгуулын ажиллагаа явуулах бөгөөд Монголын талаас нийт 116 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид, ОХУ-аас 35 судлаач оролцож байна. Үүнд ХЗДХЯ-ны харьяа Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын төв архив, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн төлөөлөл багтжээ. Малтлагын ажлыг газар дээр нь ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдан ажиллаж байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын секторын дарга, доктор, хурандаа Н.Даваадоржоор удирдуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг малтлагын ажилд оролцож байгаа юм. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас 38 сонсогч Талын манханд эхний хоёр өдрийн малтлагаар тулалдаанд амь үрэгдсэн 12 цэргийн шарилыг илрүүлэн малтан гаргасан бол хориглолтын шуудуунаас 60 орчим гранат, тэсэрч дэлбэрэх зэвсгүүд олдоод байна.