Т.Доржханд: Хөрөнгө орлогоо шалгуулах ёстой бол эрх мэдэлтэй хүмүүс нь бүгд шалгуулья

Т.Доржханд: Хөрөнгө орлогоо шалгуулах ёстой бол эрх мэдэлтэй хүмүүс нь бүгд шалгуулья

ХҮН намын дарга Т.Доржханд өнөөдөр /2025.05.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэр хөрөнгөөрөө тансаглан гадаадад байшин авч, оффшор дансанд мөнгөө байршуулсан эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг ярилцъя. Тэгээд ийм хүмүүст хариуцлагаа хүлээ, энэ мөнгөө төлөөд эрх чөлөөтэй яв гэдэг хоёр сонголтыг өгөх гээд байна. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн орлогыг үндэслэлгүйгээр хурааж, улстөржүүлж, өрсөлдөгчөө намнах гэж байгаа зүйл огт биш. Бид хуулийн эрх зүйн орчныг нь Засгийн газар дээр ярьж байгаад нээнэ. Эрх мэдэлтэй хүмүүс нь бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Үгүй бол тэр их хэмжээний мөнгө эргүүлэн төл гэдэг байдлаар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар ярьж байна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөр манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв.

Залуусын жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Харин нөгөө талдаа энийг ашиглаж, улс төрд тогтворгүй байдал үүсгэх, хил холболтын бүтээн байгуулалтыг гацаах, Монгол Улсын Засгийн газар сул, тогтворгүй, урт хугацаанд хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй.

Цаашлаад Засгийн газар хоорондын үргэлжилж буй тогтолцоог зогсоохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол Улс  хаалттай, ядуу байна. Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш тааруу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Монгол битгий хэл Хятад, Орос улсад хөрөнгө оруулалт хийхгүй байна. Энэ үед гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Тэрнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжилд ороогүй ээ. Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг байхгүй.

Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсч байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд