Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булганы Сэлэнгэ сумдад гарсан түймэрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 40, 05 дугаар ангийн алба хаагчид, Ерөө, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан, Байгал орчны газар, Мандал сумын эмнэлгийн ажилчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан тавдугаар сарын 23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар тавдугаар сарын 26-ны өдрийн 12:45 цагт дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Түймрийн голомтонд салхитай, хөвд, унанги ихтэй байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг "Буурлын даваа" гэдэг газар тавдугаар сарын 26-ны өдрийн 02:43 цагт түймэр гарчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт 75 хүн, 7 автомашинтай ажиллаж, тавдугаар сарын 27-ны өдрийн 06:40 цагт цурманд оруулжээ.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэргээр нислэг үйлдэж илрүүлжээ. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж байгаа бүлгээс 20 албан хаагчийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдрийн 12:00 тээвэрлэн хүргэж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн багийн "Баян голын даваа" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 27-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдоржийн ахлуулсан нийт 98 хүн, 14 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.