АНУ-ЫН

АНУ-ЫН "ХАМГИЙН ШИЛДЭГ ДАЙЧИН” ТЭМЦЭЭНД МОНГОЛ ЦЭРГҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчний 2 цэргийн алба хаагч АНУ-ын Аляска мужид зохион байгуулагдсан “Хамгийн шилдэг дайчин” тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

Энэ тухай АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын олон нийттэй харилцах ажилтан ахмад Балиндагийн бичсэн нийтлэлд “Аляскийн Үндэсний гвардын “Elmendorf-Richardson” баазад 05 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хамгийн шилдэг дайчин” тэмцээнд АНУ-ын 13, Монгол Улсын Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангийн алба хаагчид болох ахлах ахлагч С.Сандайжав, ахлах ахлагч Г.Пүрэвдорж нар амжилттай оролцлоо. Тэмцээн 4 хоногийн туршид оюун санаа, бие бялдрын хамгийн хүнд сорилтуудыг туулж, 15 төрлийн даалгаврыг гүйцэтгэв. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг урьж оролцуулсан нь өрсөлдөөнөөс илүү нөхөрлөлөө бататгах, харилцан суралцахад чухал түлхэц боллоо. Ялангуяа монгол цэргүүд америк цэргүүдээс шинэ тактик сурах, шинэ орчинд өөрийгөө сориход том туршлага болж үлдсэн гэдэгт итгэж байна.

Шилдгээс дутуугүй шилдэг байж, гүйцэтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлаараа эрхгүй ялгарч байсан ахлах ахлагч С.Сандайжав, ахлах ахлагч Г.Пүрэвдорж нарт Аляскийн Үндэсний гвардаас талархал гардууллаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын хамтын ажиллагаа 2003 оноос эхэлсэн ба жил ирэх тусам өргөжин бэхжиж байгаа” хэмээн өгүүлжээ.

Мөн тэрээр нийтлэлдээ монгол цэргүүдээс төрөлхийн дайчин шинж чанарыг олж харснаа дурдаж, “Цэргийн хүн хэзээд бэлэн байх ёстой. Үүний төлөө бид тангараг өргөдөг юм” гэж хэлсэн нь АНУ-ын цэргүүдэд онцгой сэтгэгдэл үлдээж чадсан талаар ч онцлон тэмдэглэжээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд