Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ тухай хэлэлцсэн юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эрчим хүч болон дулааны үнийн тарифын талаар ямар бодлого баримталж байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх биш харин өртөгт нь ойртуулах тухай ярьж байгаа. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэг квт цахилгаан эрчим хүчний өртөг төвийн бүсэд 285 төгрөг байна гэдэг тооцоолол гарсан. Тэгэхээр борлуулалтын үнийг 285 төгрөгт хүргэх шаардлага бий. Өнгөрсөн жил өртөгт нь тодорхой хэмжээгээр ойртуулах гэж оролдсон. Гэхдээ бүрэн ойртоогүй.
Дулааны шугам сүлжээний тухайд өөрийнх нь өртгийн 38 хувиар борлуулж байгаа. 10 төгрөгөөр үйдвэрлэчихээд 3 төгрөг 80 мөнгөөр борлуулж байна гэсэн үг. Ахуйн хэрэглэгчийн эрчим хүчний үнэ хэд байхыг Эрчим хүчний зохицуулах хороон дээр шийднэ. Одоо Улаанбаатар хотын оршин суугчид орон сууцны м.кв тутамд 506 төгрөг халаалтдаа төлж байгаа. 50 м.кв талбайтай өрх сард НӨАТ-тайгаа нийлээд 27,400 төгрөг халаалтад төлнө гэсэн үг. Найман сараар бодохоор 200 мянга орчим төгрөг болно. Гэтэл гэр хороололд байгаа өрхүүдийн халаалтын зардал 600 мянга орчим төгрөг болдог.
Дулааны хувьд бодит өртөгт ойртуулахын тулд ахуйн хэрэглэгчийн төлбөрийг 125 хувь хүртэл өсгөх шаардлагатай. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан байгаа гэв.