Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч Дональд Трамп Аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүдийг харгалзан хэд хэдэн улсын иргэдийг АНУ руу зорчихыг хориглох тухай тунхагт лхагва гаргийн орой гарын үсэг зуржээ.
Энэхүү хоригийн дагуу Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэсэн 12 орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг бүрмөсөн хязгаарлана. Мөн Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг долоон орны иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох ажээ.
Харин хууль ёсны байнгын оршин суугчид, виз эзэмшигчид, тодорхой хугацаанд зорчих зөвшөөрөл бүхий хүмүүс болон АНУ-ын үндэсний ашиг сонирхлын төлөө хилээр нэвтэрч буй хүмүүст дээрх шийдвэр нь хамаарахгүй байна. Колорадо муж улсын Боулдер хотод гарсан антисемитизмийн /еврейчүүдийг үзэн ядах үзэл/ шинжтэй халдлагын дараа Ерөнхийлөгч энэхүү тунхаглалд гарын үсэг зурах эцсийн шийдвэрийг гаргасан гэж Цагаан ордны албаны хүн мэдээлжээ. Тэрбээр өмнө нь энэ талаар эргэцүүлж байсан боловч ням гарагт гарсан халдлага шийдвэрээ түргэн гаргахад нь нөлөөлсөн байна.
Цагаан ордон Ерөнхийлөгчийн хоригийн талаар мэдэгдэхдээ, манай улсад ирж, бидэнд хор хөнөөл учруулах хүсэлтэй гадаадын аюултай этгээдүүдээс америкчуудыг хамгаална хэмээн сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалт биелж байна гэжээ. Д.Трамп лхагва гарагт нийтэлсэн дүрс бичлэгт хэлэхдээ, дэлхий даяар аюул заналхийлж байгаа тул хилээр нэвтрэх хоригт шинэ улс орнуудыг нэмж оруулах боломжтой гэсэн байна. Уг тунхаглал зургаадугаар сарын 9-ний өдөр 12:01 цагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.