Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ДЦС-3-т гарсан галын ослын талаар байр сууриа илэрхийлж \2025,06,05\ мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний салбарын төлөөлөл:
-Хамт олноо төлөөлөөд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид сайн найзаа, шилдэг инженерээ алдлаа. Ажилчид маань өнөөдөр сэтгэлзүйн хүнд байдалтай байгаа. Гэхдээ ажил үүргээ ухамсарлаад, засварын ажлаа урагшлуулж байна. Өнөөдрийн байдлаар ослын дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тиймээс дүгнэлтийн талаар бид ярихгүй гэхдээ, энэ осол үүсэх хүртэлх нөхцөл байдлын талаар яримаар байна.
Эрчим хүчний яам засаглалын хямралд орсон. Өөрийн хэрэгжүүлэх ёстой бүх чиг үүргээ шилжүүлсэн. Сүүлдээ Эрчим хүчний сайд нь хариуцлагаас зугтаагаад "Эрчист Монгол" ХХК руу чихэж, хоорондоо асуудлаа шидэлцээд сууж байна. Ажиллах хүчнээ бодсон нэг ч шийдвэр гаргаагүй. Ажиллах хүчнээ бүрдүүлэхдээ намын томилгоогоор хийж байна. Дарга нар намын томилгоогоор томилогддог байсан бол сүүлдээ инженер, техникийн ажилтнуудаа хүртэл намын томилгоогоор хийж байна. Үе үеийн сайд нар ажиллах хүчнээ бодсон шийдвэр гаргаж байгаагүй, ажилчидтайгаа нэг ч удаа уулзаж байгаагүй. Сүүлдээ эрчим хүчний салбарт ажиллах хүн олдохгүй байна.Хоорондоо асуудлаа шидэлцэх биш, засаглалаа сайжруулах ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой. Бид ч мөн шаардаж, шахаж ажиллах болно.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж: Эрчим хүчний салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан ажилтны тоог сүүлийн таван жилээр авч үзвэл 2020 онд 3 хүн, 2021 онд 1 хүн, 2023 онд 3 хүн, 2024 онд 3 хүн тус тус амиа алдсан байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг тавсан бэ гэхээр энэ эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэх гэж байна шүү. Энэ салбарт ажиллах хүн олдохгүй байна. Цалин хөлс маш хангалтгүй, нийгмийн хамгааллын асуудал баталгаагүй. Дээр нь ажиллах орчин, ажлын нөхцөл аюултай буюу эрсдэлийн түвшин өндөртэй байнаа. Тиймээс үүн дээрээ анхаараач гэдэг асуудлыг бол засагт тавьсан байдаг. Зөвлөгөөнөөс гарсан санал шаардлагыг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт 2023 оны аравдугаар сарын 2-ний өдөр хүргүүлж байсан. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос юу хэлдэг вэ гэхээр бидэнд өнөөдөр боломж нь ийм байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе, та бүхний цалинг ийм хэмжээнд л олгох боломжтой гэдэг зүйлийг байнга ярьж ам тагладаг. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнууд хагас цэрэгжилттэй ажилладаг. Тэнд ямар нэг байдлаар аваар осол гарахад заавал зогсоох үүрэг хүлээдэг дүрмээрээ. 30, 40, 60 жил эрчим хүчний салбарын ачаалал энгийн ажилтнуудын нуруун дээр л явж ирсэн. Цаашид аваар осол гарах нь цаг хугацааны л асуудал. Энэ бол тодорхой. Ийм ажлын байранд хүн ажиллах уу? Монгол хүн орой унтаад өглөө нь сэрдэг байгаасай. Өглөө ажилдаа яваад орой гэртээ ирдэг байгаасай.