Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн шөнө буюу 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 01:25 цагт цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух айл өрх шатаж байна хэмээх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас жижүүрийн бүрэлдэхүүн, шүүх шинжилгээний газрын шинжээч эмч болон галын шинжээч зэрэг мэрэгжилтэнгүүд хэргийн газар дээр очиж ажилласан.
Урьдчилсан байдлаар тухайн хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х-ийн 2 залгаа монгол гэр шатсаны улмаас насанд хүрсэн нэг иргэн, 0-12 насны 4 хүүхэд нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна. Шалгалтын ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс явуулж байна.
Цагдаагийн шуурхай алба хаагчид очиж тухайн хэргийн газарт үзлэг хийж хөрсний дээж болон шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай дээжүүдийг авч шинжилгээнд хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацааны дагуу гарна. Иргэдийн нас барсан шалтгаан, гал гарсан нөхцөлийг тус дүгнэлтэд үндэслэн мэдээлэх болно.
Монгол улсын эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, нотолбол зохих нөхцөл байдлыг тодруулахын тулд дээж авдаг. Үүний дүнд мэргэжлийн хүмүүс ажиллаж дүгнэлт гардаг учраас одоогийн байдлаар тухайн айл гал түлж байсан эсэхийг урьдчилж мэдээлэх боломжгүй.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогсож байгаа энэ үе эрсдэл дагуулдаг. Учир нь хүүхдийг хүүхдээр нь харуулах, хараа хяналтгүй, цоожилж үлдээх тохиолдол их байдаг. Үүний улмаас бага насны хүүхдүүд өндрөөс унаж амь насаа алдах, ахуйн хүрээнд халуун усанд түлэгдэх, химийн бодис уух, ил задгай цахилгааны масстай утсанд хүрч цахилгаанд цохиулах зэрэг маш олон эрсдэл байдаг учраас эцэг эхчүүд маш хянамгай байж, учирч болох эрсдэлээс хүүхдээ хамгаалах хэрэгтэй.
М.Буянзаяа