“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах” хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах” хэлэлцүүлэг боллоо

Хуваалцах Жиргэх

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нийт 57 багш санал, хүсэлтээ илэрхийлж, Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах үзэл санаа”, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах боловсролд багшийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьж, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал Б.Батжаргал болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны захирал С.Сэлэнгэ нар оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад учирч буй хүндрэл бэрхшээл, ямар дэмжлэг шаардлагатай, ямар шийдэл байж болох талаарх асуудлыг тодруулах зорилготой юм.

Тэгш хамруулах боловсрол нь хүн бүрийг харилцан хүндлэх, үнэ цэнтэй гэж үзэх явдлыг хөхиүлэн дэмжиж, мөн суралцахад хандах хандлага-арга зүй, боловсролын байгууллагын соёл, сургалтын хөтөлбөрт ялгаатай байдлын үнэт зүйлийг тусгасан сургалтын орчныг бий болгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд нэгтгэх, хувь хүний хөгжлийг хамгийн дээд түвшинд хүрэхэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж боловсрол хүртээмжтэй байх чиглэсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын багц хуулийг баталж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, ахиц дэвшлийг гаргасан хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байлаа.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах уян хатан цагийн хуваарь, хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга зүй, тусгай хэрэгцээт боловсролын багш болон суралцахуйн хоцрогдолтой хүүхдийг эрт үед нь оношлох шаардлагатай төдийгүй, багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах гарын авлага, тохирох сургалтын хэрэгсэл, хүүхдийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, орчны хүртээмжийг сайжруулахад анхаарах шаардлагатай байгааг онцолж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд