Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийхээр зарласны дагуу өнөөдөр /2025.06.06/ уг хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек:
-Дотоодын ААН болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх гэж байгаа анхны албан ёсны төсөл бол “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл юм. Нэг ёсондоо дотоодын болон гадаадын хэн ч байж болно. Тухайн хөрөнгө оруулагчдыг татъя. Хувийн хэвшлийнхэнд тодорхой бизнесийн боломжийг нь нээж өгье. Нөгөө талаас улсын төсөвт дарамт учруулахгүйгээр тодорхой асуудлуудыг шийдэх боломж байна гэдгийг тодорхойлсон. Юм болгон дээр төр оролцох гэхээс илүү хувийн хэвшилд боломж, бололцоог нь олгоё гэдэг үүднээс уг асуудлыг танилцуулж байгаа юм. Тиймээс бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн тухайд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
Станцын нийт санхүүжилт 600 сая ам.доллар байна. Нэг мегаваттыг 2 сая ам.доллараар барих нь олон улсын жишиг үнэ гэв.
Энэ үеэр “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талаар сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:
-Та нар тендерийн шалгуураа өндөр тавьж, дотоодын ААН- үүд өрсөлдөх үүдийг хаалаа. Хэн цахилгаан станц сүүлийн жилд Монголд барьсан юм бэ? Ер нь бид өнөөг хүртэл цахилгаан станцаа бариагүй нь ОХУ, БНХАУ-аас тавьсан хориг саад уу? Шинэ зүйл хийе гэхээр том компаниуддаа бүгдийг нь өгчихсөн. Жижиг компаниуддаа зээл өгөхөө больчихсон. Болж байгаа бодит процесс бол энэ л байна шүү дээ.
Зөвлөх инженер Б.Цэвээн:
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол агуулга бол цахилгааны шинэ эх үүсвэрийг Улаанбаатар хотод барих асуудал. Уг цахилгаан станц нийслэлийн өмчид байхаар асуудал яригдаж байгаа. Түрүүн дурдагдсан нийт 600 сая ам.долларын 20 хувийг нийслэл гаргая, үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшлийнхэн гаргаад станцаа барина. Үүний тулд тодорхой шалгуур байгаа. Нэгдүгээрт техникийн боломжтой, хөрөнгөө тодорхой хэмжээнд шийдсэн ААН-үүд, хүмүүс шалгаруулалтад орж оноо авна. Үүний дараа жинхэнэ тендер зарлагдана. Мэдээж урьдчилсан шалгаруулалт орсон компани уг тендерт ороод, өөрийнхөө ямар станц барих саналыг ирүүлэх боломжтой. ТЭЗҮ боловсруулагдчихсан байгаа. Гэхдээ үүнээс ч илүү боломжтой санал орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Урьдчилсан шалгаруулалтын хугацаа нэг сар. Одоогоор 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж байна. Хоёрдугаар шатанд жинхэнэ тендер зарлана гэлээ.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Төслийн давуу тал:
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ гэдгийг албаныхан хэллээ.