Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Морьт харваанд унаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болжээ. Энэ талаар тус морьдын эзэн, иргэн н.Болдбаатар мэдээлэхдээ,
“Дэлэн дээрээс Дэлхийг хурааж явсан Монголчууд бид хүнд хэцүүхэн он цагийн уртад мартаж гээчихсэн Морьт харваа, намнаа хэмээх өв соёл, уламжлалыг 21-р зуунд дахин сэргээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхээр хичээж буй энэ цаг үед энэхүү спортод хүчээн өргөж байгаа 18 хүлэг морьдыг минь Жаргалантын амнаас 6 сарын 7-ны өглөө 04:30 цагт гурваас дөрвөн хүн нийлэн хулгайлж, баруун хойш чиглэн тууж одсоныг хувь хүн, байгуулагуудын гадна камерын бичлэгүүдээс үзэхэд нулимс мэлмэрч, зүрх шимширмээр байлаа.
Хөөрхий дөө олигтой тэвээрч амжаагүй байгаа хүлгүүдийг минь хар хурдаар нь улаан галзуу, амь тавин хөөх , өлөн зэлмүүхэн хулгайч нарыг хараад үнэндээ маш ихээр өрөвдлөө.
Их л зовох байх даа хөөрхийс…
Байршил тогтоогч GPS-г таслан авж Өлзийт хороололын наахнатай Айцын давааны цаана аваачиж замын хажууд хаясан нь , амьхандаа зүг буруулж байгаа бололтой…
Өв соёл, уламжлал бол тухайн улс гүрний тусгаар тогтнол, хил хязгаар байдаг юм шүү…
Уламжлал мөхөхөд улс гүрэн мөхнө.Өндөр дээдсийнхээ өв соёл, уламжлалруу нулимсан энэ мэт үйлдэл дахин бүү давтагдаасай.
Малын хулгайч нарт энэхүү постоороо сануулж хэлэхэд хөдөөний айлууд хүртэл өвөлжөө, хаваржаандаа өндөр нягтаршилтай 4 зүг 8 зовхисыг өдөр, шөнө ялгалгүй бичлэг хийдэг камеруудтай болсон байна шүү.Адуу туусан хулгайч нарын бичлэг алхам тутамдаа камерт өртөж бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа…Эрүүгийн цагдаагийхан ч шуурхай ажиллаж байна. Хувь хүмүүс ч сайн дураараа холбогдож өөрсдийн хашаа хорооны камерт бичигдсэн дүрсүүдийг бидэнд илгээж байгаад маш ихээр баярлан талархаж байна.
Гэрэл байгаа газарт сүүдэр үргэлж байдаг…
Хөөрхий дөө муусайн хулгайч нар минь багахан шиг зовж хорвоог бараасай даа… үр хүүхдүүдэд нь энэ муухай үйлийн үр нь бүү очоосой доо. HORSEBACK ARCHERY буюу МОРЬТ ХАРВАА хэмээх өв соёл, спортыг Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн төв ЮНЕСКО-д Өмнөд Солонгос улс бүртгүүлэн эзэмшдэг гэдгийг Монголчуудад сануулсуй.Энэхүү өв соёлоон Монгол улсын нэр дээр бүртгүүлэхээр тэмцэж буй энэ цаг үед Монгол хүн бузар гар санаагаа дүрж буртагласанд үнэндээ маш ихээр гутарч байна. Мориндоо хайртай Монгол түмэн минь хулгайч нарыг олж уншаад гэмштэл нь энэхүү постыг түгээж , хуваалцаж, share-лаж өгөөрэй” хэмээн өөрийн цахим худаснаа мэдээлжээ.
Энэ талаар холбогдох эздээс нь тодруулахад, "Морьдыг гурваас дөрвөн хүн нийлэн Жаргалантын амнаас хулгайлсан хэмээн үзэж байгаа. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн" хэмээн мэдээллээ.Мөн морьдод зүүлгэсэн байршил тогтоогчийг /GPS/ морьдоос салгаж Өлзийт хорооллын Айцын давааны ойролцоох замын хажууд хаясан байжээ. Уг морьдыг 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж байжээ. Алга болсон морьд нум, сумын тамгатай байна.