Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
\2025.06.12 \ УИХ -ын Өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх эхний асуудал бол шинэ ерөнхий сайдыг томилох юм. Хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж, үгээ хэлж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудалд хэрхэн ямар бодлого хэрэгжүүлж ажиллах талаар УИХ-ын гишүүн Б. Бейсен нэр дэвшигчээс асуулт асууж, хариултаа авав.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарт нийт төсвийн гурван хувь л оногдсон байгаа. Хамгийн бага цалинтай байгаа учраас эмнэлгийн салбар боловсон хүчний дутагдал үүсч байгаа. Та эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэх үү. Эрүүл мэндийн салбар 100 жил болоход үндэсний эмийн үйлдвэр байхгүй. Энийг хөгжүүлэх тал дээр анхаарах уу. Баталгаат эмийн лаборатори байхгүй. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Байгаа мөртлөө тоног төхөөрөмжийн дутагдалтай та энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах уу?
Г.Занданшатар гишүүний асуултанд хариулья
Г.Занданшатар: Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудалд нийт зарцуулагдах төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6-н хувьд хүргэж, Засгийн газрын нэгдсэн төсвийг 12 хүргэх. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг дор хаяж нэг хувийг анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Үүний үр дүнд эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үйлчигээг сайжруулах ийм чиглэлийг баримтлах эрүүл мэндийн бодлогыг хэлэлцэж байгаа. Ийм үе шаттайгаар нэмэгдүүлж байж хүн амын эрүүл мэндийн асуудлыг хангах юм байна лээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг одоо хоёр дахин нэмэгдүүлэх бололцоо энэ жил бол байхгүй. Шудрага хэлэх нь зүйтэй байх. Худлаа амлаад байж би чадахгүй. Учир нь төсвийн орлого чинь хэдэн төгрөгөөр тасарч байна. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 3,2 их наядаар бууруулахгүй бол энэ жилийн төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болцон. Сүүлийн таван жилийн хугацаанд нэрлэсэн дүнгээр эрүүл мэндийн салбарын төсөв 2,4 дахин өссөн юм байна лээ. Худалдан авах чадвар бүхий өсөлт нь инфляцын тооцоогүй өсөлт нь 1,8 дахин өссөн. Гэхдээ энийг цалингийн дундаж хэмжээ 2.2 дахин нэмэгдүүлсэн. Энэ чиглэлийг л барьж ажиллахыг бид гол болгоно. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын сан ковидын улмаас учирсан алдагдал, нөхөн олголт , эрүүл мэндийн даатгалтай уялдсан шинэчилсэн цогц өөрчлөлтүүд шаардлагатай байгаа. Төсвийн тодотгол бол төсвийн хэмнэлтийн тодотгол байх болно. Үргүй зардлыг 2.3 их наядаар танахгүй бол бид цаашдаа төсөв маань эдийн засгаа дэмжих биш ханшид нөлөөлөх, инфляцад нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа учраас бид танахаас өөр аргагүй болсон ийм өөрчлөлтүүд хийнэ. Бүтээмж, үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний системийг эрүүл мэндийн салбартаа үргэлжлүүлэн нэвтрүүлж цалингийн бүтээмжтэй уялдсан тогтоцоог нэмэгдүүлснээр сайн эмч нар илүү өндөр цалин авдаг тогтолцоог бүрдүүлж ажиллана. Нийгмийг бүх салбарт үүнийг хэрэгжүүлнэ.
Hurts.mn