Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний эрхийн Үндэсний Комисс "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус форумын зорилго, үзэл баримтлал, ач холбогдлын талаар Комиссын гишүүн Х.Мөнхзул, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
Комиссын гишүүн Х.Мөнхзул “Дэлхийн хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж ахмад настны тоо 2050 он гэхэд 1.6 тэрбумд хүрэх, Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тухай хүн амын хэтийн тооцооны дүн гарсан. Энэ мэтээр насжилтын асуудал улс орны онцлог ялгаа, хөгжлийн түвшнээс үл хамааран дэлхийн улс орнуудын хэмжээнд нийгэм, эдийн засгийн олон сорилтыг бий болгож байна.
Насжилтыг халамж гэдэг утгаар голчлон анхаарч байснаас хүний эрхийн асуудал талаас нь хандаагүйн улмаас хүний эрхийн тулгамдсан асуудлууд цаашлаад хүний эрхийн зөрчил бий болж байна. Ахмад настнуудыг халамж хүртэгчид, тэтгэврийн хөгшин гэх хандлага нийгэмд давамгайлж байгаагаас үүдэн үл хайхрагдах, ялгаварлан гадуурхалтад өртөх, төрийн бодлого шийдвэрийн гадна үлдэх суурь шалтгаан болж байна.
Өнөөгийн байдлаар ахмад настны эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, конвенц байхгүй байна. НҮБ-ын Насжилтын асуудлаарх нээлттэй ажлын хэсэг байгуулагдаад 14 жил болсон ч төдийлөн амжилт ололгүй өдий хүрчээ. Хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн шаардлага, дуу хоолой, нөлөөллийн үр дүнд 2023 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хуралдаж, 58 дугаар тогтоолыг батлан Ахмадын эрхийн конвенц батлах улс хоорондын ажлын хэсэг байгуулахаар болсон.
Тиймээс ХЭҮК-оос зохион байгуулж буй “Идэвхтэй насжилт:Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум нь Ахмадын эрхийн концвенц батлуулах ажлын үр дүнг ахиулах ач холбогдолтой гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул онцоллоо.
Мөн бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна форумын үр дүнд гарах “Улаанбаатарын уриалга” нь насжилтыг хүндэтгэлтэйгээр угтаж тэгш эрх, нэр төртэй туулах ирээдүйн төлөө гаргах чухал бодлогын баримт бичиг байх болно гэв.