Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Дулааны цахилгаан станц-3” /ДЦС-3/ ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх томилогдлоо. Түүнээс салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.
Тэрбээр, “Дулааны цахилгаан станц 3”-т онцгой дэглэм тогтоосон. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газраас бүрэн эрхэт төлөөлөгч томилон ажиллуулдаг. Миний бие БЭТ-өөр томилогдсон тушаалыг сая хүлээж авлаа.
Саяхан гарсан ослын улмаас гэмтэж эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийг дандаа импортоор оруулж ирдэг. Компани болон яаман дээр гарсан Ажлын хэсгүүд энэ төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, угсардаг гурван улсын 11 компанид санал хүргүүлсэн. Тоног төхөөрөмжийн үнэ өртөг, тээвэрлэх хугацаа, энд авчирсан хойно угсрах зардал хэд болох талаар тодорхой санал ирүүлээч гэсэн, одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Ирсэн саналуудыг нэгтгэж байж, дундаж хугацаа тодорхой болно.
Мэдээжийн хэрэг Улаанбаатар хот эрчим хүчний чадлын дутагдалд орсон учраас хамгийн богино хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралтын ажил хийх компанитай хамтарч ажиллана.
Би нэг зүйлийг оноцолж хэлмээр байна. Энэ салбар эрчим хүчний үнэ тарифаас болж алдагдалд орсон. Тарифыг нэмсэн ч хангалттай нэмж чадаагүй. Зөвхөн өртгөө нэхэх хэмжээнд л нэмсэн. Хөрөнгө орууллат хийх боломжгүй. Тиймээс нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг ЗГ шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэвэл энэ ажлыг хурдан хийх боломж бүрдэнэ.
Дашрамд хэлэхэд, эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт маш чухал. Ажлаа хүлээж аваад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
Одоогийн нөхцөл байдалд долоо дугаар трубиныг ажиллуулъя гэхээр дулааны өртөг шууд нэмэгдэж, бусад станцуудад шууд болон шууд бус байдлаар хохирол учруулна гэж та мэдэгдэж байсан. Энэ тухайд?
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж багаа хууль тогтоомжоор дулааны үнэ тарифыг Эрчим ххүчиний зохицуулах хороо бие даан шийдэх зохицуулалттай. 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдсан ЭХЗХ-ны зохицуулагчдын хурлаар дулаан, цахилгааны үнийг нэмсэн. Харамсалтай нь, дулааны үнийн нэмэгдлийг ЗГ-ын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Үүний дагуу харгалзах борлуулалтын үр дүнд орлого нэмэгдэж орж ирж байгаа.
ОХУ-аас трубин генераторыг засварлах үнийн саналаа ирүүлсэн байсан. Энэ тухайд...?
ОХУ-ын Элчин сайдтай албан ёсны уулзалт зохион байгуулахаар Гадаар харилцааны яаманд хандсан байгаа.
Төсвийн тодотголоор оны эхний хагас жилд багтаж гэрээгээ байгуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг цуцална гэж Сангийн сайд мэдэгдсэн. Танай яаман дээр хичнээн төсөл, хөтөлбөр, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт цуцлагдахаар байгаа вэ?
Эрчим хүчний салбар дээр цуцлах төсөл, хөтөлбөр байхгүй. Бүх ажлын гэрээ хийгдсэн. Одоо тодотголоор эхний ээлжид “ДЦС-3” дээр гарсан гэмтлээс дотооддоо хийж болох засвар үйлчилгээний зардлыг нэмэлтээр тусгуулахаар саналаа өгсөн байгаа. Батлагдах байх гэж найдаж байна. Энэ нь 16 тэрбум орчим төгрөг болж байгаа. Үүнийг шийдээд өгвөл “ДЦС-3”-аас Улаанбаатар хотын хэмжээнд нийлүүлж байсан дулааны эрчим хүчийг өмнөх хэмжээнээс бууруулахгүйгээр шийдэх боломжтой.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн даатгал зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар та ямар арга хэмжээ авах вэ?
Манай салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал болоод техникийн горим мөрдөгдөж байгаа. Саяын ослын талаар эрх бүхий газруудын дүгнэлт гараагүй байгаа учраас би урьдчилж ямар нэг таамаг, дүгнэлт хэлэх боломжгүй.