Нийслэлийн авто замын хөдөлгөөний AI хиймэл оюун ухааны туршилтын хугацаанд торгосон торгуульд төлбөр тавигдахгүй

Нийслэлийн авто замын хөдөлгөөний AI хиймэл оюун ухааны туршилтын хугацаанд торгосон торгуульд төлбөр тавигдахгүй

Хуваалцах Жиргэх

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан "бүрэн хянах" ажил эхлээд, туршилтын шатандаа явж байгаа юм. Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа.

Үүнтэй холбогдуулан энэ сарын эхнээс иргэдийн гар утсанд зөрчилтэй холбоотой мэдэгдэл ирэх болсон. Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцоогүй гэрийнхээ гадаа байгаа машин дээр зөрчлийн мэдэгдэл ирэх эсхүл замын зохицуулагчын дохиогоор явтал “гэрэл дохио зөрчсөн” гэх зэрэг мэдэгдэл ирлээ гэх мэт гомдол иргэдийн дунд ихээр байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар зөрчилд ямар нэг “торгууль” тавиагүй байгаа бөгөөд туршилтын ажил жигдэртэл “сануулах” байдаар явж байгаа. 

Тэгвэл туршилтын ажил 2025 оныг дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх аж. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар эгнээ байраа буруу эзлэн давхар эргэх, цагаан зураас давж зогсох, явганы хүний гарц дээр зогсох, тэмдэг тэмдэглэгээгүй газраар дүрэм зөрчиж эргэх, нэгдүгээр эгнээгээр зорчих зэрэг замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л зөрчлийг хяналтын камеруудын тусламжтайгаар AI технологи ашиглан илрүүлэх юм. 

зөрчил гаргасан жолоочын утасны дугаарт зөрчлийн мэдээллийг дүрстэй нь илгээнэ

Улмаар зөрчил гаргасан жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээллийг холбогдох дүрстэй нь илгээх байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна. Мөн туршилтын хугацаанд тест хийж, гарсан алдааг сайжруулаад явах аж. Харин зөрчил гаргасан жолооч нарын дугаарт линк илгээхдээ зөрчлийн бичлэгийг хамт илгээх юм. Учир нь тухайн жолооч зөрчил гаргасан эсэхээ өөрөө хянах боломжийг олгож буй. 

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр туршилтын ажлын явцтай танилцах үеэрээ, “Томоохон уулзваруудад 7-р сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд