Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.24) хуралдаан 10 цаг 11 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өмнөх Засгийн газрын сайд нарын эрхлэх асуудлын чиг үүргийг шинээр томилогдож байгаа Засгийн газрын гишүүдэд шилжүүлэх зохицуулалтын талаар, боомтын сэргэлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт хамааруулсан нь оновчтой эсэх талаар, агентлагийн тоог бууруулахтай холбоотой асуудлаар тодруулга хийж, Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хоёр зүйлтэй тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гаргав. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн энэхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан санал дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу ““Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Ц.Даваасүрэн танилцуулахад Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Иймд төслийг батлах санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 12 нь дэмжснээр дээрх Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Заяабал нар ажиллана.