Морьт харвааны ДАШТ-нд 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцоно

Морьт харвааны ДАШТ-нд 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцоно

Хуваалцах Жиргэх

"ЮНЕСКО"-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд 4 дэх удаагаа зохион байгуулагдана.

Фестивалийн онцлох арга хэмжээний нэг болох Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах, соёл, спортын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал юм.

Монгол Улсад зохион байгуулагдах морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тус тэмцээний эрхийг манай улсад олгосон, Дэлхийн Морьт Харвааны Холбооны (WHAF) тэргүүн Ким Ён СоП болон тус тэмцээнийг хамтран зохион байгуулж буй Харвааны Нэгдсэн Холбооны тэргүүн Н.Даваадорж, Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат нартай ССАЖЗЯ-ны ТНБД С.Оюунбилэг, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр дэлхийн аваргын зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон бөгөөд Морьт харвааг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон чухал уулзалт боллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд