Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Ц.Идэрбат, С.Зулпхар, Ж.Золжаргал, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Дав.Цогтбаатар, Н.Алтаншагай, Х.Жангабыл нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12 дахь заалтад тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 170 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосон. Ийнхүү Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосноор Канад Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тус улсад бүртгэлтэй “Онтрэ ресурс лимитэд” компанийн шууд хөрөнгө оруулалттай, түүний охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах хууль, эрх зүйн орчин бүрджээ. “Жавхлант”, “Шивээ толгой”-н ашигт малтмалыг ашиглах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль дахь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” гэж заасан шаардлагыг хангуулах, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар “...стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших...” эсхүл түүнийг “ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны боломжит хувилбаруудаас бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шийдвэрлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид танилцууллаа.
“Жавхлант”, “Шивээ толгой”-н стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын оролцоо, хяналттайгаар, түүнд олон нийтийн санал хүсэлтийг ил тод, нээлттэй тусгах замаар, өмнөх алдаа давтагдахаас зайлсхийх нь чухал байна.
Иймд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн хувийг 2025 онд багтаан хянан үзэх хугацаа тохиож буйтай холбогдуулан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд тусгай шалгалтын хүрээ хязгаарыг “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн “Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм байна.