ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Хуваалцах Жиргэх

Хууль зүйн дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн барьсан ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ батлагджээ. 

Тэрбээр өөрийн цахим хууданаа 2024 оны 9.17-нд өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдаж очихдоо өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд олон жил тулгарч байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэхээр хуулийн төсөл өргөн барина хэмээн амласан юм.

Өмгөөлөгчөөр ажиллаж, олон төрлийн процесс ажиллагаанд оролцож, өмгөөлөл хийснийхээ төлөө хоригдож хүртэл явсан надад ингэж амлах шалтгаан, үндэслэл их байсан.

Хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авчихаад сэжигтэн болгодог, цагдан хорих болсон үндэслэл, нотлох баримттайгаа танилцуулдаггүй, яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн эхээр нь үзүүлдэггүй, яллагдагч шүүгдэгч шүүхэд нотлох баримт гаргах бололцоогүй байдаг зэрэг олон асуудлууд өнгөрсөн жилүүдийн туршид хүний эрх зөрчигдөх нөхцөл болсоор ирсэн. Энэ болгонтой өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нүүр тулж, мөрдөгч, прокурор, шүүхийнхэнтэй үл ойлголцож яах ч аргагүй мухардалд ордог.

Ингээд урьд нь энэ талаар гарсан УИХ-ын тогтоолыг үндэслэж ХЗДХЯ-ны залуус, ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гурван сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Энэхүү хууль болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурал 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан. Үүнд;

Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;

Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;

Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлаж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;

Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;

Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн;

Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан тусгасан;

Мөн ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын 3 хоног байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоож, шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгах зохицуулалтыг тусгасан.

Одоо өмгөөлөгч, прокурор, шүүгчид маань эдгээр өөрчлөлтүүдийг үр ашигтайгаар хэрэглэж эхэлснээр эрүүгийн процесс дахь хүний эрх хангагдах чухал алхам болно.

Их хурлын ажлын хэсгийг ахалж ажилласан П.Сайнзориг гишүүн болон идэвхитэй дэмжиж ажилласан хуульч гишүүддээ, ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МӨХ-ны удирдлагууд, нийт өмгөөлөгчиддөө тусгайлан баяр хүргэе! хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд