Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) өнөөдөр /2025.06.30/ эхэллээ.
Олон улсын хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг бөгөөд хүрэлцэн ирсэн APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл болж байна. Энэ үйл явцад Ази, Номхон далайн бүс нутгийн холбооны үүрэг чухал ач холбогдолтойг онцлов.
Уулзалт 2025.06.30-ны өдрөөс 2025.07.05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө.
-Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги
-Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд
-Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
-Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил
-Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд
APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой, гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.