ОХУ БИНЗЕНИЙ ЭКСПОРТОД ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЖЭЭ

ОХУ БИНЗЕНИЙ ЭКСПОРТОД ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЖЭЭ

ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотой автобензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ. Энэ хориг манай улсад хамаарахгүй юм. 

Учир нь ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад хориг үйлчлэхгүй байх заалттай байна.

Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны 9 дүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн. Иймд дээрх хориг манайд хамаарахгүй.

Мөн манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2025 оны 07 сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

Уг хоригийг 2025 оны наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ зөвхөн автобензинийн экспортыг хориглох аж. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд