"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ГАНГИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаныхан тус үйлдвэрийн үйл ажиллагаа, төслийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж байна.

Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр 2025 оны эхний хагас жилийн байдлаар тус үйлдвэр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар мэдээлэв.

Үүнээс гадна улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол бодитоор 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөнд тусгасан гол үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлсэн байна.

Мөн уулзалтын үеэр ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байгааг танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн цогцолбор төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид тус үйлдвэр нь Төмөртэй ордын баталгаажсан нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.

Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шат дараатайгаар хэрэгжүүлж, 2028 он гэхэд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буйг онцлов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд