Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Ардын Намын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг онцлог олон ажил байдгийн нэг нь Монголын шилдэг залуусаас өндөр хөгжилтэй орны томоохон их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах зорилтот хөтөлбөр юм. Тухайлбал, энэ 2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын шилдэг их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй бакалаврын түвшинд долоо, магистрт дөрөв, докторын түвшинд хоёр оюутныг сонгон шалгаруулж суралцуулахаар болсон байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт 13 оюутанд батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2025.08.04/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Х.Алтай нар дээрх арга хэмжээнд оролцож оюутнуудын батламжийг гардуулан баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлдэг гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг дурдав. Мөн Монгол Ардын Нам нь эрх баригч улс төрийн хүчний хувьд Монголын шилдэг залуучуудаасаа гадаадад нарийн мэргэжлээр суралцуулах чиглэлд тэтгэлэгт хөтөлбөрүүдийг гаргахаар яриа хэлэлцээ өрнүүлж, ийнхүү БНХАУ-д суралцах оюутнуудад батламжийг нь гардуулж буйгаа онцлов. Мөн тэрбээр “Та бүхний амьдралд шинэ эхлэл, амжилтад шинэ боломж нээгдэж байна. Үүнийг маш сайнаар хүлээн авч өөрийгөө дайчлан суралцах хэрэгтэй. Тухайн орны хэлийг, мэргэжилтэйгээ сайтар сурахаас гадна хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй БНХАУ-ын соёлыг суралцаж, хаана ч алзахгүй хүн болж төлөвших нь чухал” хэмээв.
Нарийн бичгийн дарга Х.Алтай хэлэхдээ “Та бүхний хувьд шинэ боломж, сорилт, хариуцлага хосолсон чухал аялал эхэлж байна. Зөвхөн мэргэжлийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээс гадна хоёр орны ард түмний ойлголцол, найрамдалт харилцаанд гүүр болж улс орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах манлайлагчид болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, тус хэлтсийн Хятад орон хариуцсан зөвлөх З.Ариунтэнгэр нар тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг он цагийн дараалал, шалгаруулалтын явц, тэтгэлэгт сонгогдсон оюутнууд, тэдний суралцахаар болсон сургуулиудын талаар танилцуулж, БНХАУ-д суралцахад анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.