Ус судлалын харуулуудын 91.4% нь мэргэжлийн бус байна гэв

Ус судлалын харуулуудын 91.4% нь мэргэжлийн бус байна гэв

Хуваалцах Жиргэх

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон шийдвэрийг хэрэгжүүлэх явцад үүсэж буй зарим асуудлаар Ус цаг уур, орчны шинжилгээний удирдлагын өргөтгөсөн шуурхай хурлыг цахимаар хийлээ.

Хурлаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга бүтэц, орон тооны цомхотголтой холбоотой албан хаагчдыг ажлаас чөлөөлөхдөө шийдвэрийг зөв тайлбарлах, нугалаа гаргахгүй байх, мэргэжлийн, олон жил ажилласан чадварлаг хүний нөөцийг хадгалах бодлого баримтлах, дотоод зохицуулалт хийх, шилжүүлэн ажиллуулах арга хэмжээ авахыг төвийн дарга нарт дахин үүрэг болголоо. Учир нь цаг уурын өртөө, харуулд ажиллаж байгаа 934 албан хаагчийн 9 нь магистр, 480 нь бакалавр зэрэгтэй, 63 нь дипломын дээд боловсролтой, 94 нь техник мэргэжлийн сургууль төгссөн, 265 нь бүрэн дунд, 15 нь суурь боловсролтой байна. Цаг уурын инженер 254, цаг уурын техникч 90 байна. Үүнээс үзэхэд 590 буюу албан хаагчдын 63 хувь нь мэргэжлийн бус албан хаагч ажиллаж байгаа юм.

Ус судлалын харуулаар одоо ажиллаж байгаа 152 албан хаагчийн 3 нь магистр, 36 нь бакалавр зэрэгтэй, 8 нь дипломын дээд боловсролтой, 12 нь техник мэргэжлийн сургууль төгссөн, 88 нь бүрэн дунд, 5 нь суурь боловсролтой байна. 47 дээд боловсролтой албан хаагчийн 13 нь усны инженер мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл усны харуулуудын 91.4% нь мэргэжлийн бус байна. Үүнээс ус судлалын техникч, ажиглагчаар ажиллаж байгаа нийт албан хаагчдын 61,2 хувь нь бүрэн дунд болон суурь боловсролтой байгаа юм.

Иймд:

- Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй, мэргэжлийн бус албан хаагчдыг чөлөөлөх, мэргэжлийн, өндөр ур чадвартай албан хаагчдыг уг ажлын байруудад шилжүүлэн ажиллуулах

- Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэр нь ажиллаж байгаа албан хаагчдыг чөлөөлөх

- Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн албан хаагч нартай харилцан тохиролцож, 36 хүртэл сарын тэтгэмжийн зардлыг төсөвт суулгах ажлыг зохион байгуулах

- Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй халаалтаа галлагаагаар шийддэг төвүүд галчийг зөвхөн халаалтын улиралд бусдаар гүйцэтгүүлэх ажил үүргийн хүрээнд гэрээгээр ажиллуулах зэрэг үүргийг өгсөн болно.

Мөн Технологи, инновацын хэлтсийн дарга, доктор А.Батболд харуул болгож буй 3 цаг уурын өртөөний 8 хугацааны ажиглалтын мэдээг таслахгүйгээр мэдээллийг автомат станцаас программын тусламжтай татах замаар шийдвэрлэх ажлын явц, технологийн шийдлийг танилцууллаа.

Хурлын төгсгөлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний дараа дээрх үүргийн хэрэгжилтэд Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхийг холбогдох хэлтэст даалгав.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд