Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал нийслэлийн хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд НОБГ-аас мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоодоор өнгөрсөн 2024 онд 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг тарвага оруулж ирэхийг завджээ. Харин 2025 оны наймдугаар сарын байдлаар 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг нойтон тарвагыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Эрүүгийн хуулийн 24 зүйлийн 5-д зааснаар тусгай хамгаалалттай газар элбэг тархацтай амьтныг агнасан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, мөн 1-5 жилийн хорих ял оногдуулдаг. Харин Зөрчлийн тухай хуулийн 7.д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин нугалж төлүүлэн хариуцлага хүлээлгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан хууль бусаар тарвага тээвэрлэх, агнахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мөн Экологийн цагдаагийн алба Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Улаанбаатар дүүргийн 6 дүүрэг, 8 товчоо, хотын алслагдсан ногоон бүсэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад 96 иргэн хамрагдаж 216 тарвага, 1 саарал чоно, 2 үнэг, 1 зэрлэг гахай, 178 ширхэг загас тэдгээрийн гаралтай эд, эрхтэн амьтныг агнах, барих хориглосон хугацаанд агнаж, дагалдах тодорхойлолтгүй, баримт бичиггүйгээр суурьшлын бүс нутагт тээвэрлэж худалдсан, худалдан авсан зөрчил илэрчээ. Эдгээр зөрчилд 26 сая 100 мянган төгрөгийн торгууль, 121 сая 860 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна” гэв.