Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, мэргэжилтэн Г.Намхайдорж нар өнөөдөр /2025.08.13/ “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус газрын талаар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “Манай төв 2025 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн 547 хүний бүрэлдэхүүнтэй 7 дүүрэгт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны аюулгүй байдлыг хангах, зөвлөгөө мэдээллээр хангах, хяналт тавих, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн чиг үүрэг болох нийслэлийн хэмжээнд хатуу болон хий түлж хэрэглэгч өрхүүдийн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин, яндангийн битүүмжлэл, ашиглалтын аюулгүй байдлыг хангах угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв зохистой ашиглуулах, зөвлөмж мэдээлэл түгээх, сургалт сурталчилгаа зохион байгуулах, хэрэглээний хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар нийтийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь эрсдэл бүхий нийт 196860 өрхийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг 24/7 цагаар хянаж, PPM утга нь өндөр буюу 100 нэгжээс дээш дохио илэрсэн айл өрхүүд рүү операторууд холбогдож учир шалтгаан, болзошгүй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж ажиллах үүрэг хүлээдэг.
Өнөөдрийн байдлаар 84829 өрхийн угаарын хий мэдрэгч төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд 61031 угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг галлагааны улирлаас өмнө айл өрхүүддээ тараах төлөвлөгөөтэй байна.
Ингэснээр 2025 онд 145860 өрх угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болно. Харин 2026 оны төсөвт үлдсэн 45 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж авахаар төлөвлөж байна” гэлээ.
Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн “Удахгүй галлагааны улирал эхэллээ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал ажлын нэг бол ТӨХӨӨРӨМЖ.
Гэвч эрсдэлтэй 196 мянган өрхийн 45 мянга нь угаарын хий мэдрэгчгүй байна. Үүнийг ирэх оны төсвийн жил хүлээхгүйгээр шийдвэрлэх шаардлагатай. Энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудад хандаж, галлагааны улирал эхлэхээс өмнө айлуудыг угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болгох ажлыг яаравчлуулах шаардлагатай байна. Мөн мэдээллийн бааз сууриа нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах шаардлагатай” гэлээ.