Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй бөгөөд Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног хорих шийдвэр гаргасан байдаг.
Гэвч Ц.Санжаачойпэл нь эрүүл мэндийн шалтгаанаар 16 хоног хоригдоод суллагдсан. Тэгвэл хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр болж, дөнгөж сая гарсан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.08.15 №1311
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун