Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос-Украины дайныг зогсоох асуудлаар Вашингтонд Европын зарим улсын төрийн тэргүүнүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзан ярилцлаа. Мэдээж, энэ уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцсон.
Өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Доналд Трамп уулзан ярилцсаныхаа дараагаар “ахиц гарлаа” гэж мэдэгдэсэн. “Одоо бүхнийг Украин шийдэх болно” гэж ч хэлсэн.
Үүний дараагаар Цагаан ордонд АНУ-аас Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд-ерөнхийлөгч Жэймс Дэвид Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын зэрэг өндөр албан тушаалтнууд мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Финляндын Ерөнхийлөгч Александр Стүбб, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рүтте нар цуглаж, Аляскт болсон уулзалтаас гарсан ахиц, мөн цаашид анхаарах зүйлсийн талаар ярилцсан юм.
Даваа гаригийн өдөр Европын улсуудын лидерүүдтэй уулзсаныхаа дараагаар Трамп Путинтай утсаар ярьсан байна. Утсаар ярихад Зеленскийтэй Путин биечлэн уулзахыг зөвшөөрсөн гэж Трамп хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Трамп, Путин, Зеленский нарын уулзалт болох бүрэн боломжтой гэж үзэж эхэллээ. Уулзалт болох газрыг товлоогүй ч зарим хэвлэлүүд Унгарт байж болох тухай дурдсан үзэгдэнэ.
Өнгөрсөн зургаадугаар сард Туркт хоёр тал уулзахаар тохирсон ч Путин доогуур түвшний төлөөлөгчдөө илгээчихээд өөрөө очоогүй юм. Тэгвэл энэ удаад Трампын хэлсэн мэдээг Зеленский “энхтайвны төлөөх том алхам” гэж магтсан байна.
Гэвч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энхтайвныг Путин үнэхээр хүсэж буй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Харин Германы канцлер Фридрих Мерц ийм уулзалтад Путин очих зориг зүрхтэй эсэхэд эргэлзэв.
ОХУ-ын талаас одоогоор уулзалтад оролцох эсэх тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Европын улсуудын лидерүүд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран Украины аюулгүй байдалд санаа тавихаа илэрхийлсэн нь нэг ахиц гэж олон улсын тоймчид дүгнэлээ. Мөн Украин 90 сая ам.долларын зэвсэг АНУ-аас авах тухай тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэжээ.
“Орос, Украины дайныг гал зогсож, энхтайвныг тогтоох боломж гарсанд бүгд баяртай байна. Би Ерөнхийлөгч Путин рүү залгаж, Зеленскийтэй хийх уулзалтын бэлтгэлийг эхлүүлсэн. Одоогоор хаана уулзалт болохыг тогтоогүй” хэмээн Трамп мэдэгдсэн байна. Путин үүнээс өмнө Зеленскийтэй биечлэн уулзаж, ярилцахаас татгалзсар байсан юм.