УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ.

Хуваалцах Жиргэх

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ.

Энэ удаагийн мэс заслыг тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон удирдан хийсэн бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн ажилласан байна.

Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар хийж байна.

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна.

Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж сургалтыг тогтмол авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж байна.

Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн." гэдгийг энэ үеэр онцоллоо.

УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон:

"УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон.

Ингэснээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болсон. Бидний хувьд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, чадавхжуулах зорилгоор УНТЭ, ХСҮТ-ийн хамт олонтойгоо тасралтгүй ажилласан. Үүнээс гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмч нараа сургах, Монголдоо сургалтаа авах ажлыг эрчимтэй хийж байгаа.

БНСУ-ын Канбук Самсунг эмнэлгийн эмч, профессор Kim Jongman:

2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн. Таван жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөн бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмч нар манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч гэсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан.

Монголчуудын хувьд элэгний хавдрын өвчлөл ихтэй учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийгдэж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элгийг тайрч авахдаа дурангийн мэс заслыг ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал. Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна.

3 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд