Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эд Кейс, Ами Бера, Доктор Нил Данн, Сара Якобс, Жонатан Л.Жексон нарын төлөөлөгчдийг өнөөдөр /2025.08.25/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” бөгөөд стратегийн түншлэлийн хувьд онцгой байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов. Мөн хоёр улс газарзүйн хувьд алслагдмал хэдий ч АНУ манай орны ардчилал, зах зээлийн эдийн засгийг хоёр намын бодлогоор тууштай дэмжсээр ирсэнд талархаж байна гэлээ.
Түүнчлэн сүүлийн үеийн өндөр түвшний харилцан айлчлалууд, хоёр болон гурван талт механизмуудын ачаар улс төрийн харилцаа улам бэхжиж, бүс нутгийн болон олон улсын хүрээнд хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглэв.
Тэрбээр энэ оны 5 дугаар сард United Airlines компанийн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг хийж эхэлснийг дурдаад, “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь дэвшил авчирсныг тодотгосон юм.
Цаашид эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, аялал жуулчлал, сансар судлал зэрэг салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгч Эд Кейс хамтын ажиллагааны хүрээнд судалгааны бүлэг байгуулах, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд манай улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь АНУ-ын Конгрессын танхимаас дээгүүр байгааг сайшааж, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтран ажиллана хэмээлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Саранчулуун, Ч.Анар, А.Ундраа нар оролцсон юм.
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1987оны 01 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон билээ.