УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав

УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, бүлгийн гишүүдийн хамт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг өнөөдөр (2025.08.25) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Конгрессын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа нь өндөр түвшний ойр давтамжтай харилцан айлчлалуудын үр дүнд улам бэхжиж буйг тодотгов. Тэрбээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен нарын өнгөрсөн онд харилцан хийсэн айлчлалуудыг онцлоод, энэ үеэр хоёр улсын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээг анх удаа хийсэн нь хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээлээ. Түүнчлэн манай улс Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн баталж, сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгасныг дурдаад, МУИС-ийн дэргэд “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ нь Монгол, Америкийн түншлэлийн тулгуур болсон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь жендэрийн тэгш байдлыг хангахад онцлох үзүүлэлт болсныг тэмдэглэв. Энэ удаагийн Улсын Их Хурлаас бизнес эрхлэхэд ээлтэй, төрийн дарамт шахалтгүй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас гадна татварын реформыг цогцоор нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Ами Бера хэлэхдээ, Монгол Улс ардчиллын замналыг тууштай баримталж, бүс нутагтаа үлгэрлэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг хэдэн зууны цараагаар харах нь зүйтэй хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, эрх зүйт ёсыг бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэсэн олон талт харилцааг эрчимжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа онцлох үүрэгтэй гэлээ. 

Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Д.Ганмаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, энэ талаарх бүх нийтийн боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх сайн туршлагын талаар хөндөж, анагаах ухааны салбарын төлөөлөл болсон гишүүдтэй санал солилцсон юм. Мөн талууд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирэх жилүүд дэх боловсролын системийн чиг хандлага болон ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нээлттэй ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Б.Мөнхсоёл, Д.Батбаяр, Ч.Анар нар байлцав.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд