Х.Ганхуяг: 500 мянган төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө

Х.Ганхуяг: 500 мянган төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө

Хуваалцах Жиргэх

УИХ-аас өнгөрсөн онд Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2025.08.25/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Татварын багц хуулийн төсөл дээр найман сар ажиллалаа. Сангийн яамтай хамтарч ажилласан. Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байсан ч шинэ танхим бүрдсэнээр татан авсан. Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг шинэ Засгийн газар үргэлжлүүлнэ гэсэн учраас одоогийн төсөл дээрээ санал авах нь зүйтэй гэж үзсэн.  Энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчин бүрдүүлэх юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхны орон сууц худалдан авч байгаа нөхцөлд 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлж байгааг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг асуудал тогтолцооны гажуудал үүсгэсэн. Тухайлбал, өчигдөр, өнөөдөр хэвлэлээр цацагдаад байгаа ХХОАТ-ыг 20 хувь болгох гээд байна гэдэг асуудал нь ХХОАТ -ын тухай хуулиараа 10, 15, 20 хувь гэсэн шатлалтай хэрэгжээд явж байгаа зохицуулалт. 2022 оноос хойш 20 хувьтай болсон гэсэн үг.

Бидний хувьд Татварын тухай хуулиар НӨАТ, ААНОАТ –ийг эргэн харж байгаа. Бага, дунд орлоготой иргэд, аж ахуй нэгж дээр татварын ачаалал өндөр байдаг бол өндөр орлоготой иргэд дээр татварын ачаалал бага байдаг.

НӨАТ бол бүртгэлийн зориулалттай байсан ч тогтолцооны гажуудал руу аваад ирсэн. Ямар гажуудал үүссэн бэ гэхээр 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-ын хуулийн үйлчиллээс гаргаад хөнгөлөөд явж байна. Ингэж 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг хөнгөлөхөөр НӨАТ-ын хамрагдалт 70 хэдэн хувьтай болсон. Саарал эдийн засаг бий болгодог, тодорхой иргэд нь татвар төлдөг, тодорхой иргэд нь татвар төлөхгүй болохоор шударга бус татварын тогтолцоо бий болдог. Төлж байгаа хэсгийн татвар нэмэгдээд яваад байдаг.

Энэ хуулийн онцлох асуудал нь шаталсан татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгож төсөлд оруулсан байгаа. Шаталсан татварын тогтолцоо нь хувь хүн дээр орлогоос нь хамааруулж тогтоодог татвар. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 180 гаруй орноос 156 нь шаталсан татварын тогтолцоотой.

Бизнест тулгамдаж байгаа НӨАТ-тай холбоотой асуудлыг нэг шат ахиулах зорилго тавьсан.Бизнесийн идэвхжлийг дэмжиж, аж ахуй нэгжүүдээ тэлэх боломж олгохыг зорьсон. Өнөөдрийн НӨАТ -ын тухай хуулиар ихэнх ААН зайлшгүй зээл авах эсвэл татварын өрөнд ордог. Татварын өртэй байснаар тендерт оролцож болдоггүй, худалдан авах үйл ажиллагаанд оролцох боломжгүй хязгаарлагдмал байгааг Татварын хуулиар өөрчлөхийг оролдож байна. Мөн иргэн бүрийн бодит орлогыг хамгаалахыг зорьж байна. Татварын шударга тогтолцоог бий болгохоор зорьсон.

Татварын шинэчлэлээр НӨАТ-ын чөлөөлөлтийг 70 гаруй худалдаа, үйлчилгээнд ААН-д борлуулахад нь бус нийгмийн онц ач холбогдолтой буюу гурав дөрвөн төрөл дээр НӨАТ -ын чөлөөлөлт олгоно. Боловсрол байдаг юм уу, эрүүл мэнд байдаг юм уу. Бусдаар бол худалдан авч байгаа иргэд дээр хөнгөлөлт чөлөөлөлт олгодог байх тогтолцоог хэрэгжүүлнэ.

Бүх нийтээрээ жигд татвараа тэгш татвараа төлдөг байх,НӨАТ дарамт үүсгэдэггүй байх арга чарга хайсан.

Нийт орлогоос ХХОАТ- ын шатлалыг тооцдог болох. Хялбаршуулсан горимыг ААНОАТ, ХХОАТ бус зөвхөн НӨАТ дээр үзүүлэхээр тооцсон. Нэг үгээр хэлбэл, НӨАТ бүртгэлийнхээ л үүргийг гүйцэтгэдэг болно гэсэн үг.

Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулдаг болно.

НӨАТ-ын хөнгөлөлт:

  • 500 мянган төгрөгийн худалдан авалтыг 100 хувь чөлөөлнө.
  • 500 мянгаас -800 мянган төгрөгийн худалдан авалтад  50 хувь чөлөөлнө гэлээ.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд