Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Хуваалцах Жиргэх

Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны анхан шатны нэгж болох 204 хороонд төрийн үйлчилгээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хариуцуулж, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хууль тогтоомжоор төдийлөн хариуцуулаагүй. Тиймээс хороодоос иргэдэд тодорхойлолт өгдөг, хог ачдаг, хог ачих хуваарийг баталдаг чиг үүрэг илүү давамгайлж үлдсэн. Бид үүнийг өөрчилж, хороо буюу анхан шатны нэгж нь иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хот, нийтийн аж ахуй чиглэлд түлхүү анхаардаг болгохыг зорьж байна. 2025 онд нийслэл, дүүргийн удирдлагууд хорооны Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, тодорхой чиг үүргүүдийг өгч байна. Хороодын саналаар 50 сая төгрөгийн тохижилтын ажлыг шийдүүлж, хийлгэж байна. Эдгээр ажил амжилттай болоход ирэх жил хороодод тохижилтын чиг үүргүүдийг төсөвтэй нь шилжүүлэхээс гадна хог тээврийн үйл ажиллагааг бүрэн хариуцуулж, шилжүүлнэ. Нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, явган хүний зам, хашаа хайс, эвдэрч ус тогтсон газрууд, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хороо, дүүрэг, нийслэл хамтран ажиллах, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн ажилд хороод бие даан оролцох боломжийг бүрдүүлж, зарим чиг үүргийг дүүргээс хороонд шилжүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд