Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
Эм хангамжийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр иржээ. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйн улмаас он дамжсан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байна.
2025 оны эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдсэнээс улбаалан эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагааг алдагдаж, зарим эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдах ноцтой нөхцөл үүсжээ.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч, эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг барагдуулахад онцгойлон анхаарч, шийдвэрлэхийг хүссэн албан шаардлага, мэдэгдлийг УИХ, Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон төрийн эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрэхгүй байна.
Иймд Эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүслээ.
Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.