Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мопед, скүүтерийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох газруудад үүрэг өгч шат дараатай ажлуудыг хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтерийг ачиж эхэллээ.
Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтерийг замбараагүй хаях, орхих байдлаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтертэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдээд буй. Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн бөгөөд мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэй удаа дараа уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавиад байна.
Иймд мопед, скүүтерийг хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалж байна.
Мөн НИТХ-ын дарга А.Баяр скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг аппликейшн дээр яаралтай тохируулахыг санууллаа.
Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтер, мопед унаж байгаад осол аваар, хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өглөө.