Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өнөөдрийн хуралдааны эхэнд Намын дарга Лу.Гантөмөр үг хэллээ. Тэрбээр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэ хурлаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх учиртай. Бид Улс төрийн намын тухай хуулийн дагуу Ардчилсан намын дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хийх үүрэгтэй. Мөн намын мөрийн хөтөлбөрийг баталж, тэрийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдугаарт, намын даргын сонгуулийг явуулах чиглэлийг ҮБХ-нд өгнө. Миний хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана. Өнөөдрийн ҮБХ-ны хурал дээр албан ёсоор хүсэлтээ гаргана. Тэр асуудлыг хэрхэн шийдэхийг ҮБХ хэлэлцэж, намын даргаа сонгох журмаа харж байгаад сонгуулиа явуулна гэдэгт итгэлтэй байна. Ардчилсан нам бол зовлон үзсэн нам. Хоёр хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй явж ирсэн. Одоо албан ёсны байгууллага нь албан ёсны шийдвэрээ л гаргана.
Өнөөдөр Ардчилсан нам аль ч судалгаагаар нэгдүгээрт байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ын рейтингээс дээгүүр үзүүлэлттэй байна. Тэгэхээр Ардчилсан намын шинэ дарга намынхаа эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүй байх шаардлагатай. Мөн хүчтэй сөрөг хүчний ажлыг хийх үүрэг даалгавар оногдож байна.
Үүнээс гадна шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагуудыг дахин зохион байгуулах гээд нүсэр их ажил өмнө нь байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна. Намын байрны газар дээр барилга баригдаж, өөрийн байраа авна гэдэг гэрээтэй. Өнөөдрийг хүртэл намын газар дээр барилга бариагүй байна. Олон жилийн өмнө энэ газар дээр шинэ байр барихаар хэлцэл хийж байсан. Намайг хэр сайн ажилласныг ард түмэн дүгнэх байх.
Ардчилсан нам МАН-аас рейтингээрээ жаахан илүү байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн өмнө би таван хувийн рейтингтэй нам хүлээж авсан. Тухайн үед МАН манай намаас 2-3 дахин өндөр рейтингтэй байсан. Өнөөдөр бид эрх баригчдаасаа өндөр рейтингтэй нам болсон байна. Ийм намыг бид хүлээлгэн өгч байна. Ямар ч байсан намаа хувааж, алдаж асгасангүй. Намайг намын даргаар сонгогдож байхад санал өгч байсан бүрэлдэхүүнээс хэн нэгэн хүнийг хавчиж, гадуурхаж, шахалт үзүүлж, хол байлгах гэх мэт зүйлсийг гаргахгүй байхыг хичээсэн.
Энэ бол Монголын төлөө үйл хэрэг. Тийм учраас өөртөө байгаа үүргээ өөрийнхөө цаг хугацаанд нэр төртэй гүйцэтгэх нь улстөрч хүний мөн чанар байх ёстой. Ардчилсан намын дээд байгууллагад эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас тэр эрх рүү хүн болгон өөрийн бодлоор хандаж болохгүй. Олонхын шийдвэрийг цөөнх хүндэтгээд цааш явах учиртай. Хэрвээ бид Засгийн газарт байсан бол өнөөдөр дүрмээ баталж, ирэх арваннэгдүгээр сард албан ёсны намын сонгууль хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан.
Одоо бол Монголын төлөөх зорилгыг МАН уландаа гишгэсэн. Тийм учраас бид улс төрийн шийдвэрээр Лу.Гантөмөр гэдэг хүн сонгогдсон бол буцаад энэ байгууллагаасаа дараагийн дарга нь сонгогдох цаг хугацаатай тулчихаад байна. Би удаан хугацаагаар намын дарга хийх юм шигээр асуудалд хандаж болохгүй" гэв.