Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Дэлхийн триатлоны холбооны сургагч багш болон “Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий шүүгч нарыг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тэмцээний ерөнхий шүүгч, БНХАУ-ын иргэн Ян Фэй, Дэлхийн триатлоны холбоо (ДТХ)-ны сургагч багш, ОУ-ын 3-р зэрэглэлийн шүүгч, Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Питер Чуа, ДТХ-ны сургагч багш, ОУ-ын 2-р зэрэглэлийн шүүгч, Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Алексей Калинин, Японы Триатлоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Тору Саито болон МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц. Сандуй нар оролцов.
Монгол улсад анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй нь цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах эхлэл төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх, олон орны тамирчдын оролцоог хангах болон дотоодын хэмжээнд тус спортыг сурталчлан дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.
МТХ-ноос эдгээр олон улсын экспертүүдтэй хамтран хүний нөөцийг чадавхжуулах бодлогын хүрээнд шүүгч нарын сургалтыг зохион байгуулж байна. “Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Хүй долоо худагт болно.
Фото: З.Жамбалсүрэн