Гадаад улсаас Телеграмм орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гэмт хэрэг үйлдэж буй Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг баривчилсан байна. 

Мөн энэ сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.