Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын цаг уурын салбарт супер компьютерийн дараагийн үеийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2025.09.05/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нарын албаны хүмүүс оролцов.
"Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадвар болон эрсдлийн менежментийг сайжруулах нь" төслийн хүрээнд шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрүүлснээр цаг хугацаа, орон зайн нарийвчлалыг сайжруулан Монгол орны бүс нутаг, хот сууринаар шинээр гаргах боломж бүрдэж байна.
Үүнд:
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс гаргах
Монгол орноор орон зайн нарийвчлал 2.5 км, хот сууринаар 30-100 м болж сайжрах
Олон гишүүнтэй ансамбль систем бий болж, магадлалын прогнозыг гаргах
Бэсрэг болон бичил хэмжээст гамшигт үзэгдлийг тооцоолох (хуй салхи, нөөлөг салхи, борооны бөөн үүл, аадар тунадас гэх мэт)
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Ирээдүйн уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг 5-10 км нарийвчлалтай 30, 50, 100 жилээр тооцоолох
Нийгэм, эдийн засгийн салбарын нөлөөлөл, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх
ЭРҮҮЛ МЭНД
Агаарын бохирдлын 144 цагийн прогноз мэдээг (PM10, SO2, NO2, PM2) 30-500 м нарийвчлалтай гаргаж, чанарын индексийг тооцоолох
Хотын дулааны арал-хэт халалтын прогноз гарах
Сэргээгдэх эрчим хүч
Салхины хурдын 144-240 цагийн прогноз мэдээг 100-500 м нарийвчлалтай гаргах
Өндөр 0.5-1 км орон зайн нарийвчлалтай салхины атлас, зураглал хийх
УСНЫ НӨӨЦ
Гол мөрний урсцын 5-10 хоногийн прогноз
Үерийн прогноз, халилт, аюулын зураглал 10м
Хөдөө аж ахуй
Бэлчээрийн ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах
Таримал ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах
Гамшгийн менежмент
Гамшигт үзэгдлийн (хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд) нөлөөллийн прогнозыг гаргах
Дээрх бүтээгдэхүүнээр Монгол орны нийгэм, эдийн засгийн салбарт үйлчилж, эрт сэрэмжлүүлж, учрах эрсдэл, хохирлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилан мэдээний таарцыг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх нь бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах боломжийг олгоно.